Азийн наадамд оролцох баг тамирчдад далбаа гардуулах ёслол энэ сарын 31-нд болно
Япон Улсын Айчи-Нагояа хотноо ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 5-ныг дуустал Азийн зуны спортын наадам болно.
Сэтгүүлч·2026.08.26 17:01:34·1 үзсэн

Тус наадамд манай улсаас урьдчилсан байдлаар 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр төлөвлөж буй.
Тэгвэл тамирчдад далбаа гардуулах ёслол наймдугаар сарын 31-ний Даваа гарагт болохоор тов гарчээ.
Шар тивийн зуны спортын наадмын түүх 1951 оноос эхэлсэн байдаг. Манай улсын хувьд 12 наадамд оролцохдоо 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 18-д жагсаж байна.
Сонирхуулахад БНХАУ 3,570 медаль хүртсэн тоогоор тэргүүлж буй бол Япон 3,242, БНСУ 2,425 медаль зүүжээ.
Харин Бутан, Зүүн Тимор, Мальдив одоогоор ямар нэгэн медаль авч амжаагүй байна.
Ташрамд Азийн паралимпын наадамд урьдчилсан байдлаар 40 орчим тамирчин өрсөлдөхөөр төлөвлөж байгаа. Монголын паралимпчдын өдөр буюу есдүгээр сарын 14-ний Даваа гарагт оролцох баг, тамирчдад далбааг нь гардуулах аж.

