Шуурхай
Улс төр

"СОР17" бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй "СОР17" бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум боллоо.

Сэтгүүлч·2026.08.25 19:53:30·11 үзсэн

Дээд түвшний парламентын тус форумыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдэвт үндсэн илтгэлийг танилцуулсан юм.

Парламентын форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ хүрээнд "СОР17" бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцсан юм.

Дээд түвшний панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүллээ.

Үргэлжлүүлэн өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд болж, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойллоо.

Улмаар дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмжүүдийг танилцуулж, нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, парламентын бодит арга хэмжээг онцлох, форумын үеэр гарсан гол мессежүүдийг нэгтгэн боловсруулах бүлгийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

ЗарЗар байршуулах
ЗарЗар байршуулах

Сэтгэгдэл (0)